Ерөнхий сайд улс төржилтийн үр дагавар, хулгайтай тэмцэх талаар байр сууриа илэрхийлэв

2026-03-27 12:301min
20260327-123027-file.jpeg
Ерөнхий сайд дэлхийн түлш шатахууны хямралтай холбоотой нөхцөл байдал, Монгол дахь улс төржилтийн сөрөг нөлөөг онцлон, хулгайтай тэмцэж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Ерөнхий сайд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хуудсаар дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсон бөгөөд энэ асуудалд хариу арга хэмжээ авахын төлөө тасралтгүй ажиллаж байгааг тэмдэглэв. Гэвч Монголд улс төржилт хэтэрсэн нь асуудлыг хүндрүүлж байгааг онцоллоо.

Өнөөгийн улс төржилтийн үр дүнд нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэх эрсдэлтэйг сануулсан бөгөөд эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож улс төрийг зохистойгоор хийх шаардлагатайг дурдав.

Монгол Улсын иргэд тайван, сайхан амьдрал хүсэж байгаа бөгөөд аль нам, ямар улс төрч хэрхэн хожих нь иргэдэд хамааралгүй гэдгийг онцолсон байна.

Тэрбээр өнөөгийн улс төр, эдийн засгийн гол саад нь хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж үзэж байна. Баялгийн хулгайг таслан зогсоож, авлигачдаас алдагдсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэнд буцаан авчирч байгааг дурдсан.

Шударга ёс, зөв замыг баримталж, чимээгүй ажиллаж байгаа бөгөөд хулгайтай тэмцэж бодит үр дүн гаргасаар байгааг хэлэв. Харин хулгайчид дэлхийн хүнд цаг үеийг далимдуулан эрх мэдэлдээ эргэн хүрэхээр тэмцэж байгааг анхааруулсан.

Ерөнхий сайд албан тушаалд зууралдаагүй, хүсэл, айдас, шуналгүй бөгөөд хулгайтай эвлэрэх бодолгүй гэдгээ илэрхийлэв.