Яллагдагч Л.Б-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэрэгт шалгаж байна

2026-03-27 11:301min
20260327-113027-file.jpeg
Нийслэлийн прокурорын газар яллагдагч Л.Б-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүхээс цагдан хорих саналыг хүлээн авахаас татгалзжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна.

Прокуророос яллагдагч Л.Б-г мөрдөгч, хохирогч нарыг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлжээ.

Гэвч шүүхээс Л.Б-г дээрх үндэслэлээр цагдан хорих шаардлагагүй гэж үзэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан байна.

Тухайн хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлсэн бөгөөд хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулж болох баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлсэн гэж мэдээлжээ.

Мөн иргэн Ж 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч сэтгүүлч Б-д өгсөн нь тогтоогдсон байна.

“Нэгүүн.мн” сайтын эрхлэгч Л.Баяржаргал уг мөнгийг аваагүй бөгөөд ийм зүйл болоогүй гэж мэдэгдсэн юм.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд бусдыг эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараасан бол торгох эсхүл хорих ял шийтгэхээр заасан байдаг.