Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусжээ

Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа нь дуусч, яаралтай шинэчлэх шаардлагатай болсон байна. Орон сууцны хорооллуудын дунд байрлах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсож, халуун усыг хязгаарлах нөхцөл үүсдэг байна.
Энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц, нийтийн аж ахуйн салбарын төсвийг нэмэгдүүлж, гэмтлийг богино хугацаанд шуурхай арилгах ажлыг үе шаттай зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, өнөөдөр ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн засварчид Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчингийн долоодугаар байранд 24 метр шугамд гарсан гэмтлийг засаж байна.
ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр хэлэхдээ, Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээ их байгаа бөгөөд зарим нь аж ахуйн нэгжийн талбайгаар дамждаг тул засвар хийхэд зөвшөөрөл авах зэрэг хүндрэл үүсдэг гэжээ. Тэрбээр өнөөдөр Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг 3-4 цагийн дотор засаж дуусгахаар ажиллаж байгааг онцолсон.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл 2025 оны 11 дүгээр сард ОСНАА-ын салбарын ажилчдын цалинг 3 сая төгрөгт хүргэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ. Мөн салбарын тарифын асуудлаас шалтгаалан шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэж тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд хотын орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлд 4-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.
