Улаанбаатар хотод ухаалаг хогийн савыг сургууль, цэцэрлэгт байршуулж эхэллээ

Улаанбаатар хотын захиргаа ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэлжээ. Энэхүү төсөл нь хог хаягдлыг ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой юм. Нийт 200 ухаалаг хогийн сав байршуулах бөгөөд одоогоор 76 савыг суурилуулсан байна.
Улаанбаатар хотын Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр хэлэхдээ, ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургууль, 10 гаруй үзвэр үйлчилгээний байгууллагад байршуулсан бөгөөд энэ нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадлыг төлөвшүүлэхээс гадна хотын ногоон оноог нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж тэмдэглэв. Ногоон оноо цуглуулах замаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орох боломжтой юм.
НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан сургуулийн Эко клуб гурван жилийн турш хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр олон төрлийн ажлыг санаачлан хэрэгжүүлж байгааг онцлов. Тэрбээр ухаалаг хогийн сав нь хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад чухал ач холбогдолтой гэж хэлэв.
Мөн тус сургуулийн Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогийн савыг ашиглах зааврыг танилцууллаа. Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарах бөгөөд дараа нь “ХотУла” аппликэйшнд нэвтэрч QR кодыг уншуулснаар зургаан ногоон оноо авдаг. Цуглуулсан оноогоор аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой юм.
НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Эко клубын сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хог хаягдлаа ангилан ялгах, ногоон оноо цуглуулахыг уриалж байна.
