Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгоно

2026-03-25 15:001min
20260325-150036-file.jpeg
Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хуульчлах бөгөөд шүгэл үлээгчдэд 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл урамшуулал олгох зохицуулалт тусгалаа. Засгийн газар уг хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргалаа.

Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох хуулийн төслийг боловсруулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан уг төсөлд шүгэл үлээгчдэд 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл урамшуулал олгох зохицуулалт багтжээ. Засгийн газар уг хуулийн төслийг өнөөдөр дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан байна.

Хуулийн төсөл нь 7 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дагалдан Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг дөрвөн хуульд өөрчлөлт оруулах юм. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ олон улсын жишгээр шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт нь хуульчлагдсан, амжилттай хэрэгжиж байгааг онцолжээ.

Тэрбээр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатайг тэмдэглэж, уг хуулийн төсөл нь шүгэл үлээгчдийг хамгаалж, мэдээллийг үнэлж урамшуулах замаар урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл болохыг дурдсан байна.

Мөн зарим этгээд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэргээс зугтахын тулд өөрийн хэргийг нийгмийн анхаарал сарниулах, эсвэл хуулийн байгууллагыг буруутган шүгэл үлээгч мэтээр харуулах оролдлого хийдэг бөгөөд энэ нь шүгэл үлээгчийн зорилготой холбоогүй гэдгийг онцолжээ.