Монгол Улс төрийн орон сууцны журам шинэчлэн баталлаа

Монгол Улс төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг 10 жилийн дараа шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмаар төрийн орон сууцыг ил тод, нээлттэйгээр хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байна.
Журамд зааснаар иргэд орон сууцыг дараах хэлбэрээр өмчлөх боломжтой. Худалдан авах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд түрээсээр амьдарч, тодорхой хугацаанд хуримтлал үүсгэсний дараа орон сууцаа өмчилж болно. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон эд хөрөнгийг орон сууцаар солино. Дахин төлөвлөлтөд орсон иргэдийг түр орон сууцаар хангах зохицуулалт орсон.
Шинэчилсэн журмаар төрийн орон сууцны квот 3-10 хувиар нэмэгдсэн бөгөөд залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй өрх, өрх толгойлсон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлэгт тодорхой квот олгож байна. Төрийн албан хаагчдын квотыг 25 хувиас 35 хувь болгон нэмэгдүүлж, ахмад настны квотыг 15 хувиас 18 хувь болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэднийг хамарсан гэр бүлийн квотыг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь, олон хүүхэдтэй гэр бүлд 2 хувь, өрх толгойлсон эцэг эхэд 5 хувийн квот тогтоосон.
Төрийн орон сууцны гол төсөл болох 5002 айлын “Солонго-1, 2” хорооллын 2500-2600 орчим өрхийг 2026 онд, үлдсэн өрхийг 2027 оны хоёрдугаар улиралд орон сууцад хамруулахаар төлөвлөжээ. Мөн “Ногоон нуур-1008 айл”, “Солонго 1, 2”, “Залуус 1, 2” хорооллын орон сууцыг түрээслэх боломжтой болгосон байна. “Ногоон нуур” төслийн орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрх, бусад зорилтот бүлгийн иргэдийг “Солонго” болон “Залуус” хороололд хамруулахаар зохицуулжээ.
Түрээсийн орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ 11,000-15,000 төгрөг байхаар тогтоосон нь өмнөх журмаас өндөр боловч зах зээлийн үнээс хоёр дахин хямд байна. Жишээлбэл, Буянт-Ухаа, Хангай хороололд 50 м2 хоёр өрөө орон сууцыг 650,000 төгрөгөөр түрээслэх боломжтой бөгөөд зах зээлийн үнэ дунджаар 1,500,000 төгрөг байна.
Иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг төрийн мэдээллийн нэгдсэн системээр ил тод, нээлттэй явуулна. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд Хур, Дан системээр дамжуулан хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд өөрийн нэр дээр орон сууц эзэмшдэг иргэд энэ шалгаруулалтад оролцохгүй.
