Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслолыг нээхээр бэлтгэлээ хангаж байна

2026-03-25 18:301min
20260325-183027-file.jpeg
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслолыг “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 27-нд нээхээр бэлтгэлээ хийж байна. Хөтөлбөрийг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиар өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслолыг энэ сарын 27-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт нийслэлийн 64 сургуулийн 235,131 сурагч хамрагдаж, хүүхэд, залуучуудыг эх орныхоо түүх, соёлын үнэт зүйлсээр бахархах, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлжээ. Энэ жил хөтөлбөрийг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийг хамруулан өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн жилийн үр дүнгээс дурдвал, 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 үйл ажиллагаа зохион байгуулжээ. Мөн хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим хүн эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд оролцсон байна. Сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцож, сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулжээ. Түүнчлэн 54 мянган сурагч төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна.

“Эх оронч сурагч” хөтөлбөр нь сурагчдын идэвх оролцоонд тулгуурласан, эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачилга болж, жилээс жилд цар хүрээгээ тэлж байгааг албаныхан онцолж байна.