Архангайд 3 настай охиныг хойд аав нь хөнөөж, бүх насаар нь хорих ял оноожээ

Архангай аймагт 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 3 настай охин хойд аавынхаа гарт амиа алдсан хэрэг гарсан байна. 34 настай, боловсролгүй, тодорхой ажилгүй Д нь гурван настай охиноо зодож, амийг нь хөнөөжээ. Хэргийг шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, Д-д бүх насаар нь хорих ял оноосон байна.
Хохирогч охин 3 нас 6 сартай байсан бөгөөд тухайн өдөр хажуу айлынхан “хоол ид” гэж хэлсэн тул аав, ээжтэйгээ хамт очсон байна. Тэнд байсан томчууд согтууруулах ундаа хэрэглэж, ээж нь орой 23:00 цагийн орчимд хүүхдүүддээ ундаа авах гэж дэлгүүр явжээ. Ээж нь охиноо аваад явах гэж байхад Д “өглөө цэцэрлэгтээ явах учраас би унтуулж байя” гэж хэлсэн бөгөөд үлдсэн байна.
Ээж гэртээ ирэхэд хаалга цоожлогдсон, нөхөр нь “хүүхдийг чинь зодчихсон” гэж хэлжээ. Охин зүүн талын орон дээр дээш харсан байдалтай, ухаангүй байсан бөгөөд Д-д “хүүхэд яагаад зодож байгаа юм бэ” гэхэд инээсэн гэж ээж нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр мэдүүлсэн байна.
Охины ээж Д-тэй 2024 оны есдүгээр сард фейсбүүкээр танилцаж, жирэмсэн байсан бөгөөд өмнө нь Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, охины үсийг зулгааж байсан талаар хэлжээ.
Яллагдагч Д архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул үйлдлээ санахгүй байгаагаа мэдүүлсэн байна. Тэрбээр охиныг зодсон талаар санахгүй, гэртээ ширүүн дуугаралт байхгүй, харин эх нь хүүхдэдээ уурлаж байсан гэж мэдүүлжээ.
Шүүх гэрч нарын мэдүүлэг, баримтуудад үндэслэн Д-д бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
