Нийслэлийн 22 сургууль үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтран ажиллана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулжээ.
Энэхүү ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан, нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 22 сургуулиас авсан суурь судалгааны үр дүнг танилцуулсан байна. Судалгаанд 8-10 дугаар ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч оролцсон бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой цахим хэлбэрээр явуулжээ.
Судалгааны дүнгээр сурагчдын 71.9% нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар тодорхой ойлголттой гэж хариулсан байна. Дүүргүүдээр авч үзвэл Багахангай дүүрэгт 35.7%, Хан-Уулд 33.1%, Баянзүрхэд 30.6%, Налайхад 25%, Баянголд 22.9%, Сүхбаатарт 20.9%, Чингэлтэйд 17.2%, Сонгинохайрханд 15.2% нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг болохыг тогтоожээ.
Өртсөн сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа дээрэлхэлтэд өртсөн бол 2% нь 10 болон түүнээс дээш удаа байнга өртдөг гэж хариулсан байна.
Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдын 44.5% нь интернэтээс мэдээлэл хайдаг бол 19.7% нь сургуулийн нийгмийн ажилтанд, 17.3% нь гэр бүлдээ, 11.8% нь багшдаа, 3.4% нь найз нөхдөдөө, 2.9% нь цагдаад хандаж байна.
Дээрэлхэлтийн зонхилох хэлбэрүүд нь бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гадуурхах, заналхийлэх, биед халдах бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Цахим дээрэлхэлтийн хувьд Хан-Уул дүүрэгт 35.5% эзэлж байна.
Өсвөр насныхны бие махбодын болон сэтгэл зүйн бие даасан байдал нь үе тэнгийн дээрэлхэлтийн илрэлд нөлөөлдөг бөгөөд сурагчдын 40 орчим хувь нь бусдын хувийн орон зайд халдахыг хэвийн гэж үзсэн байна.
Суралцагчдын 58% нь өөрийн сэтгэл зүйгээ удирдах аргыг мэддэг бол 34.4% нь мэддэггүй гэж хариулжээ.
Өнөөдрийн хуралд оролцсон сургуулийн удирдлага, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд эцэг, эх, асран хамгаалагчдад чиглэсэн нөлөөллийн аяныг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Тэд хүүхдийн гэр бүлийн хүмүүжил бусдыг үл ойшоох, доромжлох, ялгаварлан гадуурхах шалтгаан болдог гэж үзэж, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллахаар боллоо.
