Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдөр дэлхий нийтээр Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь сүрьеэ өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм. Энэхүү өдрийг 1882 оны гуравдугаар сарын 24-нд сүрьеэгийн үүсгэгч нянг нээсэн эрдэмтэн Роберт Кохын нээлтийг дурсаж тэмдэглэдэг.
Сүрьеэ нь дэлхий дахинд хамгийн олон хүний амь насыг авч оддог халдварт өвчний нэг хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2024 онд дэлхий даяар 10.7 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.23 сая хүн нас барсан нь сүрьеэ халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгааг харуулж байна.
Сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, ихэвчлэн уушгийг гэмтээдэг боловч бусад эрхтнийг ч өвчлүүлэх боломжтой халдварт өвчин юм. Дэлхийн хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь сүрьеэгийн нянгийн халдвартай боловч тэдний цөөн хувь нь идэвхтэй өвчин болж илэрдэг. Эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай.
Монгол Улсын хувьд сүрьеэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. 2025 оны байдлаар улсын хэмжээнд сүрьеэгийн нийт 2851 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд хүүхдийн сүрьеэ 165, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ 129, сүрьеэгийн шалтгаант нас баралт 182 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Сүрьеэ нь урьдчилан сэргийлэх боломжтой, бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд хамгийн чухал нь эрт оношлуулж, эмчилгээг тасралтгүй хийлгэх явдал юм. 2000 оноос хойш дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх арга хэмжээний үр дүнд 80 гаруй сая хүний амь насыг авран хамгаалсан байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд иргэн бүр сүрьеэ өвчний талаарх мэдлэгтэй байж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь өвчнийг бууруулах гол алхам юм.
