84 дүгээр сургуулийн орчмын ус зайлуулах шугамыг дахин угсарч байна

2026-03-24 13:301min
20260324-133025-file.jpeg
Нийслэлд энэ онд 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсрах бөгөөд 84 дүгээр сургуулийн урд талын шугамыг барилга барих компани тасалсныг дахин угсарч хэвийн болгох ажил явагдаж байна.

Нийслэлд энэ онд 12 байршилд нийт 20 гаруй километр борооны ус зайлуулах шугам угсрах бөгөөд гурван байршилд 4 километр шугамын угсралтын ажлыг он дамжуулан үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Борооны ус зайлуулах шугам угсрах ажил энэ сарын 21-нд эхэлсэн байна.

Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан мэдээлснээр, энэ жилийн эхний ажил нь үерийн далангийн ил сувгийг цэвэрлэх ажил байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд талд ус зайлуулах шугам угсрах ажлыг эхлүүлсэн байна.

Тус сургуулийн урд талын ус зайлуулах шугам хоолойг барилга барих гэж буй компани тастсан зөрчил илэрсэн бөгөөд одоо уг шугамыг дахин угсарч хэвийн болгох ажил явагдаж байна. Өнгөрсөн зуны борооны үеэр 84 дүгээр сургуулийн орчим, Натур худалдааны төвийн хойд талын байрнууд дунд автомашин усанд хөвсөн тохиолдол гарсан нь уг шугамтай холбоотой гэдгийг шалгалтаар тогтоожээ.

Гэмтэл гаргасан барилга барих компаниас гарсан зардлыг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг үерийн далан, авто замын борооны ус зайлуулах шугамыг гэмтээхгүй байхыг уриалж байна.

Энэ жил борооны ус зайлуулах шугам угсрахад нийт 26.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнээс 12.6 тэрбум төгрөгийг энэ онд зарцуулахаар төлөвлөжээ. Хамгийн өндөр өртөгтэй төсөл нь Найрамдал зуслан болон 22-ын товчооны замын ус зайлуулах шугам юм.

Мөн замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт нэг тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна.