Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралт үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах зориулалттай 1.3 сая метр куб эзлэхүүн бүхий усан сан барих ажил үргэлжилж байна.
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 50 орчим га талбайд таван шатлалт усан сан болон жижиг хиймэл нуурууд үе шаттай байгуулж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар үерийн ус хуримтлуулах “С” усан сангийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 39 нэгж талбараас 11 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 51 иргэн, хуулийн этгээдээс 36 иргэний газрын зөрчлийг арилгах ажил үргэлжилж байна.
Энэхүү усан сан ашиглалтад орсноор хотын өндөр нягттай суурьшлын бүсэд Сэлбэ голоос үүсэх үерийн эрсдэлийг бууруулах боломжтой болно. Мөн 1.3 сая метр куб цэвэр усны нөөц хуримтлуулах бөгөөд орчны агаарын чийгшил нэмэгдэж, аялал амралтын таатай орчин бүрдүүлэх ач холбогдолтой юм.
