Дэлхийн усны өдөр: Усны нөөцийг хамгаалах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байна

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн, цэвэр усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг сурталчлах, ундны усны ач холбогдлыг таниулах зорилготой.
Энэ жил дэлхий нийт “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэж, усны хүртээмжид эмэгтэйчүүд, охидын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна.
Говийн экосистем болон нутгийн иргэдийн амьдралд ус чухал нөөц тул усны хэрэглээ ихтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд усны ач холбогдлыг ойлгуулах, усыг хэмнэлттэй, зохистой хэрэглэх дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.
Мөн усыг дахин ашиглах дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж, гадаргын усны нөөцөд тулгуурлан говийн бүсийг усжуулах ажлыг идэвхтэй зохион байгуулахыг уриалж байна.
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 хөв, цөөрөм байгуулж, “Говь-Ус” хөтөлбөрийн хүрээнд 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд бүх сумыг найдвартай ундны усаар хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Тухайлбал, Ханбогд сумын Хайрхан баг болон Цогт-Овоо, Ханхонгор, Баян-Овоо, Манлай, Сэврэй сумын төвийн усан хангамжийн нөөцийг тогтоож, усны зөвлөлөөр батлуулснаар тогтвортой, найдвартай усны эх үүсвэрийг бүрдүүлжээ.
Хөв, цөөрмийг олноор байгуулснаар байгалийн тэнцвэрийг хадгалах, ан амьтдын усны хэрэгцээг хангахын зэрэгцээ усны нөөцийг хуримтлуулж, хамгаалах боломж бүрдэж байна.
Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн бодит, үр дүнтэй ажил юм. Орон нутгийн усны эх үүсвэрүүдийг хамгаалснаар уул уурхай, байгаль орчин, орон нутгийн иргэд хамтдаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Өмнөговь аймгийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компани сүүлийн арав гаруй жил ус дахин ашиглах түвшнийг 80 хувиас дээш хадгалж байна.
Тодруулбал, 13 мянган хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулж, бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлажээ.
Мөн гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж, сайжруулсан нь орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
Цаашид усыг ууршихаас сэргийлж, газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
