Тайванийн боксчин Лин Юү Тин Монголд болох ААШТ-д оролцоно

2026-03-24 07:301min
20260324-073018-file.jpeg
Парисын олимпын аварга Тайванийн боксчин Лин Юү Тин Улаанбаатар хотноо болох сонирхогчдын боксын тивийн аваргад оролцох эрхтэй болсныг албан ёсоор зарлалаа. Түүнийг хүйсийн шалгалтаар эмэгтэй болох нь батлагдсан байна.

Парисын олимпын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан Тайванийн боксчин Лин Юү Тин энэ сард Улаанбаатар хотноо болох сонирхогчдын боксын тивийн аваргад оролцох эрхтэй болсныг Тайванийн боксын холбоо албан ёсоор зарлалаа.

Дэлхийн Боксын Холбоо өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тамирчдын хүйсийн шалгалтыг хийж эхэлсэн бөгөөд Лин Юү Тин уг шалгалтаар эмэгтэй болох нь батлагдсан байна. Хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэхээс татгалзжээ.

Энэхүү шалгуурыг үндэслэн түүний тамирчны эрхийг сэргээж, энэ сард Улаанбаатар хотод болох тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжийг олгосон байна.

Лин Юү Тин ирэх арванхоёрдугаар сард 31 нас хүрэх бөгөөд олимпын аварга, дэлхийн хошой аварга (2018, 2022) бөгөөд 2019 онд нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм. Түүнийг болон Алжирын боксчин Иман Хелифийг хүйсийн маргаантай холбоотойгоор 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хассан билээ.

Тухайн үед Олон Улсын Боксын Холбоо ийм шийдвэр гаргасан бөгөөд хожим олимпын боксыг зохион байгуулах эрхийг Дэлхийн Боксын Холбоо авснаар дээрх хоёр тамирчныг олимпод оролцуулах шийдвэр гаргасан нь бокс сонирхогчдын дунд маргаан үүсгэсээр байна.