Прокурорын байгууллагаас шүүхээр шийдвэрлэгдсэн хүн алсан, хүн худалдаалсан хэргүүдийг мэдээлэв

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийг танилцуулж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас С.Б-г 2025 оны 8 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял оноож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөөс сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Нийслэлийн прокурорын газраас Х.Н-г 2020 онд нэр бүхий 7 эмэгтэйг гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хуурч, эдийн засгийн эмзэг байдлыг нь ашиглан гадаад улсад авч явж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авах зардлаар өрийн дарамтад оруулан бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 заалтаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх Х.Н-г 7 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэм буруутайд тооцож, 5 жил 6 сарын хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Х.Н-г Интерполоор гадаад улсад эрэн сурвалжилж, Казакстан улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан зардалд 11 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, цагдаагийн байгууллагад олгохоор болов.
Эрүүгийн хуулийн тодорхойлолтоор “хүн худалдаалах” гэдэг нь биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, эд эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх, итгэл эвдэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь ашиглах, хяналтдаа байлгах, төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлэх, тээвэрлэх, орогнуулах, дамжуулах, хүлээн авах үйлдлийг хэлнэ.
