Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллав

2026-03-22 14:301min
20260322-143027-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, Наурызын баярт оролцон, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт болон аймгийн бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажилласны дараа Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн удирдлага болон Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтан авсан юм.

Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан хуралд оролцож, казах түмэнд хаврын баярын мэндчилгээ дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхныг хүсэв. Мөн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, тэр дундаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл болон улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг онцолсон бөгөөд үүнд Баян-Өлгий аймгийн төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга Ё.Зангар өвлийг амжилттай давж, олсон амжилтаа бататгах итгэлтэйгээр хаврын баярыг угтаж байгаагаа хэлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч, мал аж ахуй, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Баян-Өлгий аймаг төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангаж, илүү гарсан бүтээгдэхүүнээ хөрш орнуудад экспортолдог байжээ. Одоогийн байдлаар газар тариалангийн салбар сэргэсэн бөгөөд ирэх намар хэрэгцээт төмсний 70, хүнсний ногооны 25 хувийг өөрсдөө хангахаар зорьж байна.

“Ерөнхийлөгчийн Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 20 гаруй хүүхэд олон улсын улс орнуудад суралцаж байна. Ерөнхийлөгч үр хүүхдээ хөдөлмөрч, хичээнгүй болгон хүмүүжүүлсэн эцэг эх, төрөл төрөгсдөд талархал илэрхийлэв.

Төрийн тэргүүний санаачилсан хөтөлбөр, хуулийн төсөл, тэр дундаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төслийг иргэд дэмжиж байгааг тэмдэглэв.

Мөн Өлгий хотын агаарын бохирдол нэмэгдэж байгааг шүүмжилж, тарьсан модоо арчилж тордох, ахмад настнуудын хүчийг ашиглах, айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатайг онцлов.