З.Батбаяр: Туул голыг хамгаалах асуудалд мэргэжлийн дүгнэлт чухал

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулах зорилготой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалт 2024 оны гуравдугаар сарын 15-нд эхэлсэн байна. Энэхүү төсөлд Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх 33 км урт, 6 эгнээ замыг барих бөгөөд энэ замыг 10 орчим минутад туулна гэж төлөвлөжээ.
Гэвч төслийн хүрээнд Туул голыг ширгээх эрсдэлтэй гэх олон нийтийн шүүмжлэл гарч байгаа талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Туул гол нь нийслэл болон Монгол Улсын эдийн засаг, хүн амын тал орчим хувьтай шууд хамааралтай чухал гол учир хамгаалах шаардлагатайг онцолсон байна.
З.Батбаярын хэлснээр, хамгаалалт гэдэг нь голыг хаших эсвэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр усан сан байгуулж хамгаалах гэсэн хоёр арга байж болох бөгөөд “Туулын хурдны зам” төслийн нэр томъёо нь өрөөсгөл гэж үзэж байна. Тэрбээр 32 км замын төлөө Туул голын нэрийг өгөх нь оновчгүй гэжээ.
Мөн Туул гол дээр барилга байгууламж барихын өмнө эхлээд усан сан байгуулж, үерийн даланг бэхжүүлэх зэрэг хамгаалалтын ажлыг бүрэн дуусгах ёстойг жишээ болгон Унгарын Дунай мөрний хамгаалалтын арга хэмжээг дурдсан байна.
Усны тухай хуульд зааснаар усны барилга байгууламжийн зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах шаардлагатай бөгөөд одоогоор нарийвчилсан зураг ирээгүй байгаа тул гүүрэн байгууламжийн суурийн бетоны өрөмдлөг, техник хэрэгслийн тооцооллыг хүлээж буйг онцолсон байна. Тэрбээр нарийвчилсан зураг ирсний дараа голд үзүүлэх нөлөөг тогтоох болно гэв.
Түүнчлэн 1966 оны их үерийн дараа барьсан хойд эргийн даланг сэргээж өргөтгөх замаар хурдны замыг голоос тусгаарлаж баривал дэмжихээ илэрхийлжээ. Гэвч одоогийн төлөвлөсөн 32 км замын 11 км нь Туул голын татам буюу ус урсдаг хэсэг рүү орж байгаа нь хамгийн чухал асуудал гэжээ.
З.Батбаяр төслийг эсэргүүцэж буй болон дэмжиж буй талуудын байр суурь хоёул зөв байж болохыг тэмдэглэн, мэргэжлийн дүгнэлтийг хуулийн дагуу гаргана гэдгээ илэрхийлсэн байна. Мэргэжлийн дүгнэлт зураг төсөл, тооцооллоос хамаарах бөгөөд усны талаас хандах болно гэв. Одоогоор 2025 оны зураг төсөл хүлээгдэж байгаа бөгөөд улсын хөгжилд нөлөөлөх төслийг эерэг, сөрөг аль алинаас нь болгоомжтой хандах шаардлагатайг онцолсон байна.
