Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 3 дугаар сарын 21-нд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав.
Улсын хэмжээнд 2025 онд нийт 682 сая м.куб ус ашигласан бөгөөд үүний 252 сая м.куб буюу гуравны нэг нь ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Хэрвээ уг төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой байжээ.
Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг “Оюу толгой” ХХК нь сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байна. Усны газрын тооцоогоор 2020-2025 оны хооронд тус компанийн бохирдуулсан усны төлбөр 5.1 тэрбум төгрөгт хүрчээ. Гэвч “Оюу толгой” ХХК гэрээгээр ийм үүрэг хүлээгээгүй гэж тайлбарладаг гэж Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Усны конвенц, тогтвортой хөгжлийн зорилт болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн “Оюу толгой” ХХК болон бусад ус бохирдуулж буй компаниудаас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болголоо.
Тэрбээр “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлэх шаардлагатайг онцлов.
Усны газрын үзэж байгаагаар “Оюу толгой” ХХК 2020-2025 онд жилд 12.3 сая м.куб-17.0 сая м.куб ус бохирдуулсан байна.
