Хууль бусаар алт олборлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

2026-03-21 16:301min
20260321-163032-file.jpeg
Засгийн газрын шийдвэрээр хууль бусаар алт олборлож буй 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч байна. Хууль бус олборлолт нь байгаль орчинд ноцтой хор хохирол учруулдаг гэж үзжээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтарсан ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газрын сайд Г.Дамдинням нар 2026 оны 3 дугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллалаа.

Энэ үеэр тус суманд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Тухайлбал, хууль журмыг зөрчин үйл ажиллагаа эрхэлсэн “Хризо праза групп” ХХК-ийн уурхайн талбайд газар дээр нь ажиллаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргасан дүгнэлтийг үндэслэн тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн чухал салбар бөгөөд байгалийн баялаг нь төр, ард түмний өмч юм. Тиймээс төр хууль ёсны үйл ажиллагааг дэмжиж, хууль бусаар алт олборлогчдод хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.

Хууль бусаар ашигт малтмал олборлох нь байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, татварын орлогоос зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөтэй гэж тодорхойлсон байна. Иймээс хууль бус олборлолт, газрын хэвлийн хөндлөнгийн үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлжээ.

Ажлын хэсэгт Ашигт малтмал, газрын тосны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид оролцож байна.