Монголд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин хурдтай явагдаж байна

2026-03-19 19:301min
20260319-193036-file.jpeg
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин хурдан явагдаж, өндөр уулын бүсийн экосистемд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас хоёр дахин хурдан явагдаж байна гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ өөрчлөлтийн нөлөөгөөр өндөр уулын бүсийн эко систем, мөнх цас, мөсөн голууд хайлж, амьтдын орчинд сөргөөр нөлөөлж байна.

“Новотел” зочид буудалд болсон хэлэлцүүлэгт Дэлхийн Байгаль Хамгаалах Сан болон Монгол дахь хөтөлбөрийн газраас өндөр уулын бүсийн судалгаа, ирвэсний амьдралын талаар танилцуулсан юм. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тайлангийн талаар мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Сургуулийн Тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэсүхийн хэлснээр, сүүлийн 70-80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж агаарын температур +2.4°C-аас +2.46°C-аар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үзүүлэлт юм. Далай тэнгисээс алслагдсан, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт илүү хүчтэй мэдрэгдэж, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн өндөр уулын бүсэд уур амьсгалын өөрчлөлт хурдан явагдаж байгаа нь ан амьтдын орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гол арга хэмжээ нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бөгөөд иргэд дулаан алдагдлыг багасгах, хог хаягдлыг ангилж хаях хэрэгтэй гэж онцлов.

Хот суурин газарт хур тунадасны хэлбэр өөрчлөгдөж, аадар тунадасны давтамж нэмэгдсэнээр үерийн эрсдэл өсч байна. Энэ жил цасан бүрхүүл сайн тогтсон бөгөөд цас хайлснаар үерийн эрсдэл нэмэгддэг гэж мэдээлэв.

МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, дэд профессор Ө.Баярсайхан “Өндөр уулын орчин, экосистемийн онцлог” сэдвээр судалгаа хийсэн бөгөөд 2050 он гэхэд зэрлэг амьтдын устах эрсдлийг зогсоож, хүн, ан амьтан зэрэгцэн орших боломжийг судалж байна. Монголчууд нүүдэлчин ард түмэн бөгөөд байгальтай дасан зохицож ирсэн туршлагаа орчин үеийн шинжлэх ухааны судалгаатай хослуулах шаардлагатай гэж үзэж байна.

Тэрбээр өнгөрсөн жил Байгаль орчны яамтай хамтран ан амьтдын тоо толгойг шинээр гаргасан бөгөөд зарим зүйл ан амьтдын тоо толгой эрс цөөрөөгүйг онцлов. 2006 онд устах аюулд байсан мазаалай баавгай, хавтгай тэмээ, зэрлэг тахийг хамгаалах арга хэмжээ авснаар хоёр зүйлийг улаан номоос гаргасан байна.