“Оюу толгой” ХХК 2025 онд 2.34 их наяд төгрөгийн татвар төлжээ

“Оюу толгой” ХХК 2025 онд нийт 2.34 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөрийг Монгол Улсын төсөвт төлсөн нь улсын татварын орлогын 9 хувийг эзэлж байна. Тус компани 2025 онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлсөн татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 8.4 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 23 тэрбум төгрөгийг Монгол Улсад эргэлтэд оруулсан гэсэн үг юм.
“Оюу толгой” уурхайн 2025 оны үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 387 мянган тонн болж, өмнөх жилээс 30 хувиар өссөн байна. Мөн баяжмал дахь алтны хэмжээ 460 мянган унц хүрсэн гэж тус компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх танилцууллаа. Олборлолт, үйлдвэрлэл нэмэгдсэн болон олон улсын зах зээл дээрх зэс, алтны үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөснөөс хоёр дахин давсан гүйцэтгэлтэй болсон байна.
Үүний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сард 570 сая ам.долларын зээлээ төлж, зээлийн хүүгийн төлбөрөө 48 сая ам.доллараар бууруулсан талаар Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн мэдээлэв.
