Нийслэлд зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж, стандартыг хангуулж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд нийт 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байна.
Гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдуулсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүрэг тус бүрт хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгох зорилготой юм.
Өнөөдөр Баянгол дүүргийн 1, 4, 27 дугаар хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж буюу Улаанбаатар төмөр замын вокзалаас Төмөр замын их сургууль хүртэл үйл ажиллагаа явуулдаг 86 аж ахуйн нэгж байгууллагад хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартын шаардлагыг хүргүүлжээ.
Гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагууд нь:
– Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангана.
– Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулах.
– Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
– Хаягийг монгол хэлээр бичих бөгөөд англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
– Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
– Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
– Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй байх.
– Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламжийг байршуулна.
Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба болон Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
