Улаанбаатарт Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээврийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Нийслэлийн иргэд энэ оны төгсгөлд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээврээр зорчих боломжтой болох гэж байна. Одоогоор уг чиглэлийн 4.2 километр үргэлжлэх дүүжин замын нэгдүгээр шугамын зогсоол, тулгуур багана, техникийн байгууламжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк чиглэлд дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг барих төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтэс мэдээллээ.
Франц улсын Засгийн газрын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээврийн барилга байгууламжийг барьж байгаа бөгөөд тасалбарын үнийг 2,600 орчим төгрөгөөр тооцоолсон ч эцсийн шийдвэр гараагүй байна.
