Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн хяналтын хуулийн шинэчлэл өргөн мэдүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2026 оны 3 дугаар сарын 18-нд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ.
2017-2025 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 2,100 гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 2,422 хүн холбогдсон байна. Холбогдсон хүмүүсийн 4.4 хувь нь 13-17 насныхан, 50.4 хувь нь 18-25 насныхан, 35.8 хувь нь 26-35 насныхан, 9.2 хувь нь 36-аас дээш насныхан байжээ.
Мөн энэ хугацаанд 2,018 зөрчил бүртгэгдэж, 1,976 хүн холбогдсон бөгөөд үүний 20.9 хувь нь 13-17 насныхан, 50.6 хувь нь 18-25 насныхан, 21.6 хувь нь 26-35 насныхан, 6.8 хувь нь 36-аас дээш насныхан байв. 2025 онд гэмт хэрэг 20 орчим хувиар, зөрчил 26.6 хувиар өссөн байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын төрөл нэмэгдэж, химийн гаралтай бодисыг цахим орчин болон бусад эх сурвалжаас олж авч, дотооддоо хууль бусаар үйлдвэрлэх эрсдэл үүссэн байна. Гэвч манай улсад эдгээр бодисын хууль ёсны эргэлтийг зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй байгаа аж.
Шинэчилсэн хуулийн төсөлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэн, хаана, яаж, ямар зорилгоор хууль ёсны эргэлтэд оруулахыг тодорхой болгож, зөвшөөрлийн үндсэн дээр, төрийн хяналт дор бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгохоор тусгасан байна.
Төсөлд Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын жагсаалт, ангиллыг Засгийн газар батлах бөгөөд ангилал нь хориглосон, хязгаарласан, урвуулан хэрэглэх эрсдэлтэй гэсэн гурван хэсгээс бүрдэхээр заажээ. Мөн угтвар бодис, үйлчилгээтэй ургамлын жагсаалтыг жил бүр шинэчилж байх зохицуулалт орсон байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй ургамлын устгал, түүнд оролцох төрийн байгууллагуудын арга хэмжээ, мансууруулах бодисын хамааралтай хүнд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээ, сургалтын зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан, эрхлэн хариуцах байгууллага, мэдээллийн жагсаалт, хууль бус эргэлт, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгожээ.
Хуулийн төслийн хамт Зөрчлийн тухай болон Эрүүгийн хэрэг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн өргөн мэдүүлсэн байна.
