2026 оны хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн тов батлагдлаа

2026-03-19 13:001min
20260319-130024-file.jpeg
2026 оны хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үндсэн зорилго нь суралцагчдад гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох явдал юм.

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийн товыг бүсчлэн тогтоож, төлөвлөгөөг танилцууллаа. Энэ удаагийн бие даалтын долоо хоногийг орон нутагт 2026 оны гуравдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд, нийслэлд 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бие даалтын долоо хоногийн гол зорилго нь суралцагчдад гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох, аюулгүй амьдрах дадалд сургах явдал юм. Үүний хүрээнд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бага, дунд, ахлах анги гэсэн гурван бүлэгт хуваан насны онцлогт тохирсон сэдвийн дагуу үйл ажиллагаа явуулах юм.

Дараах хуваарийн дагуу өдөр бүр тусгай сэдвээр сургалт, дадлага хийнэ. Даваа гаригт эрсдэлийн талаарх ойлголт, Мягмар гаригт цахилгааны аюулгүй байдал, Лхагва гаригт галын аюулгүй байдал, Пүрэв гаригт газар хөдлөлтийн аюулгүй байдал, Баасан гаригт дүгнэлт, танилцуулга бэлтгэх ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Мөн бие даалтын долоо хоног нь суралцагч, эцэг эх асран хамгаалагч, сургууль гэсэн гурван талын оролцоотойгоор явагдах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр зохион байгуулагдах аж.