Баянгол дүүргийн удирдлагууд Пусан хотод боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллав

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй албаны хүмүүс 2026 оны гуравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-ын Пусан хотод ажиллав.
Аяллынхаа үеэр тэд Пусаны Үндэсний их сургуульд очиж, тус сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан “Мөнх ногоон сан”-гаас оюутнуудад зориулсан тэтгэлэг гардуулах ёслолд оролцлоо. “Мөнх ногоон сан” нь нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх, сурлагаараа тэргүүлсэн оюутнуудад 16 дахь жилдээ тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэ жил Монгол Улсаас тус сургуульд суралцаж буй Ч.Болор тэтгэлэг хүртсэн байна. Ч.Болор нь Нийгмийн халамжийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн бөгөөд одоо магистрын шатанд суралцаж, тэнхимдээ анхны гадаад оюутан болжээ.
Энэ үеэр Баянгол дүүргийн төлөөлөгчид Пусаны Үндэсний их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн удирдлага, багш нартай уулзаж дараах асуудлуудаар санал солилцов. Үүнд, ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхэд, залуучуудад тус сургуулийн талаар тусгай танилцуулга мэдээлэл өгөх, элсэлтийг зохион байгуулах, оюутан, залуусыг солилцооны хөтөлбөрт хамруулах, төрийн албанд ажиллаж буй залууст бакалаврын дараах сургалтуудыг олгох зэрэг асуудлууд багтсан байна.
Мөн Баянгол дүүргийн төлөөлөгчид Пусаны Гымжон дүүргийн Засаг дарга Юн Иль Хёнтэй уулзаж, боловсрол, аялал жуулчлал, хүнсний аюулгүй байдал, ногоон байгууламж, хот нийтийн аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Гымжон дүүрэг нь Пусаны Үндэсний их сургуулийн байрладаг газар бөгөөд нутгийн үзэсгэлэнт Гымжон уул, түүхэн Бомосо хийд зэрэг аялал жуулчлалын гол бүсүүдтэй юм. Талууд аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын туршлага судлах, ногоон байгууламж, хот нийтийн аж ахуйг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
