Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангах Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ

2026-03-18 17:301min
20260318-173041-file.jpeg
Улаанбаатар хотын дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхэлж байна. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, газрын асуудлыг шийдвэрлэх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил энэ сараас эхэлж байна.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” компани ажиллаж байна. Газрын асуудлыг шийдвэрлэх хүрээнд Засгийн газрын 2025 оны 74 дүгээр тогтоолоор төсөл хэрэгжүүлэх талбайг баталж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газрыг нийслэлд шилжүүлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогны цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрын эзэмших эрхийг авсан байна. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.

Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн үндэсний төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлүүдийн дагуу зураг төслийн ажил хийгдэж байна.

Станцын түлшний хангалтыг найдвартай болгох үүднээс Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс салбар төмөр зам татах боломжийг судалж, шинэ салбар төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй хангаж, станцын түлшний нөөцийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэнэ.

Технологийн хувьд Дулааны тавдугаар цахилгаан станц нь агаарын хөргөлттэй конденсатортой, усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ багатай байх онцлогтой юм. Мөн эргэлтэт буцламтгай үет шаталттай (CFB) зуух ашигласнаар хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна гэсэн судалгаа гарчээ.

Дулааны тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулах юм.