Нийслэлд халиа, тошингийн эрсдэлтэй газрууд нэмэгдэж байна

2026-03-17 19:301min
20260317-193028-file.jpeg
Нийслэл хотод энэ жил халиа, тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад ихэссэн бөгөөд Толгойт, Сэлбэ гол дагуух болон Дэнжийн мянгын хэсгүүд эрсдэл өндөртэй байна. Мэргэжлийн байгууллагаас усны үерт өртөх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж байна.

Нийслэл хотод энэ жил халиа, тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байгаа талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан мэдээллээ. Өнгөрсөн жилээс харьцангуй дулаан өвөл болж, булаг шанд, гол дагасан байршлуудад халиа, тошин ихээр үүсэж, шар усны хэмжээ нэмэгдсэн байна. Үүний улмаас авто замын доогуурх гаргууруудыг чөлөөлж, авто зам дээр ус халихаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ажээ.

Одоогоор Толгойтын гол, Сэлбэ гол дагуух хэсгүүд, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг газрууд эрсдэл өндөртэй байршлуудын тоонд орж байна. Өдөртөө агаарын температур нэмэх хэмд хүрч, шөнөдөө хасах хэмд орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж, шөнийн цагаар авто замын доогуурх гаргуурууд хөлдөж, усаа бүрэн гаргаж чадахгүйгээс ус зам дээгүүр халих эрсдэл үүсгэж байна.

Гол дагуух байршилд оршин суугаа айл өрхүүд усны халил, тошингийн үерт өртөх эрсдэлтэй байгаа тул мэргэжлийн байгууллагаас эдгээр айл өрхийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж байна. Мөн Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас голын болон шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн боломжийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа юм.