2025 оны дөрөвдүгээр улирлын дундаж цалин 2.8 сая төгрөгт хүрэв

2026-03-17 18:001min
20260317-180037-file.jpeg
Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр улирлын дундаж цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг болсон талаар мэдээллээ. Ажиллагчдын тоо зарим салбарт буурсан ч цалин өссөн байна.

Үндэсний Статистикийн Хорооноос 2025 оны дөрөвдүгээр улирлын дундаж болон голч цалингийн хэмжээг танилцууллаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 54.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 827.5 мянган ажиллагч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх улирлаас 0.4 хувиар нэмэгдсэн бол ажиллагчдын тоо 1.0 хувиар буурсан нь уул уурхай, олборлолт, барилга болон боловсролын салбарын ажиллагчдын тоо буурсантай холбоотой юм.

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая төгрөг, голч цалин 2.4 сая төгрөг, үндсэн цалингийн дундаж 2.5 сая төгрөг байна. Сарын дундаж нэрлэсэн цалин өмнөх улирлаас 6.0 хувиар нэмэгдсэн байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны эцэст 235.8, бодит цалингийн индекс 145.3 байв. Бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар өссөн байна.