ЕБС-ийн бага ангийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл оруулна

2026-03-17 20:011min
20260317-200113-file.jpeg
Монгол Улсын өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно. УИХ, Засгийн газраас бага ангийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах талаар ажиллаж байна.

Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод 3 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээнд Монголын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 900 гаруй тамирчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.

УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Галбадрах тэмцээний нээлтэд хэлсэн үгэндээ УИХ, Засгийн газраас шатрын спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт бага ангийн 1-2 дугаар ангид шатрын хичээлийг оруулах замаар системтэй сургалтын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай дэмжиж, тамирчдыг урамшуулах, олон улсын тэмцээнд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эх орондоо нэр хүндтэй тэмцээн зохион байгуулах, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Тэмцээний эхний өдөр Улаанбаатар хот болон орон нутгаас шалгарсан зургаан настнуудын өрсөлдөөн эхэлж, нийт 9 өрөг тоглохоор болжээ. Наймаас дээш насны ангилалд оролцогчид 11 өрөг тоглох юм. Зургаан настнуудын ангилалд Улаанбаатар хотын клубүүдээс гадна Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорнод зэрэг 21 аймгаас шатарчид оролцож байна. Хөвгүүдийн ангилалд 79, охидын ангилалд 71 шатарчин өрсөлдөж эхэлжээ.

Тэмцээнд олон улсын мастер, ФИДЕ-ийн мастер, дэд мастер болон Монгол Улсын дэд мастер зэрэг цолтой 50 гаруй тамирчин оролцож байгаа нь өрсөлдөөн өндөр болохыг харуулж байна.