Өргөдлөө өгсөн сайд нарыг маргааш чөлөөлж, шинэ сайд томилно

2026-03-17 17:301min
20260317-173016-file.jpeg
Эрчим хүчний болон Боловсролын сайд нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд маргааш нэгсэн чуулганаар огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Шинэ сайд нарыг томилох асуудал одоогоор улс төрийн намын дунд хэлэлцэгдэж байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаяр нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

Өчигдөр Засгийн газар ээлжит бус хуралдаан хийхээр төлөвлөж байсан ч Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалахын үүднээс сайд нарыг чөлөөлөхгүй байх шийдвэр гаргасан юм. Харин маргааш 14:00 цагт нэгсэн чуулганаар дээрх хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр дараалалд оруулжээ.

ХҮН нам салбараа өөрчилж, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоогоор тус намын Төлөөлөх зөвлөл энэ асуудлаар хуралдаж байна.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудлыг МАН-ын дарга нар ч мөн ярилцаж байгаа аж. Үдээс хойш өргөдлөө өгсөн сайд нарын оронд хэнийг томилох нь тодорхой болох юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг.