Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний техник, зэвсгийн үзэсгэлэн нээгдлээ

2026-03-17 16:301min
20260317-163019-file.jpeg
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд эхэлж, цэргийн техник, зэвсэглэл олон нийтэд дэлгэгдэж байна.

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг харуулах зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа өргөн хүрээнд дэлгэн үзүүлж байна.

Иргэд, залуу хойч үе эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэх боломжтой болсон юм.

Мөн Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө өгөх, ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүдийг танилцуулах, “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулгыг газар дээр нь үзүүлэх үйлчилгээг зохион байгуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг гуравдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм.