Монгол эр хүн үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна.
Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлыг хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход санал, санаачилга гаргана.
Илтгэлүүдэд “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”, “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”, “Эр хүний оролцоо-Аз жаргалтай гэр бүлийн үндэс”, “Монгол эр хүн-Улс орны тулах багана-Гэр бүлийн түшиг”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”, “Эх орны дуудлага” зэрэг сэдвүүд багтсан байна.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Х.Лхагвасүрэн, академич С.Нарангэрэл, дуучин Т.Ариунаа, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ монгол эрчүүдийг эр зориг, эрдэм билиг, ёс жудаг, чин шударга зан чанартай, төр, түмэндээ өмөг түшиг болсон ноён нуруутай хүмүүс гэж тодорхойлсон.
Тэрбээр өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санааг залгамжлан эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт өргөж яваа эрчүүд, энхийг сахиулагчдын гавьяаг онцолжээ.
Мөн үр хүүхдээ эх оронч сэтгэлтэй, халамжит хань, ачлалт аав, элбэрэлт ээж болгон хүмүүжүүлэх үүрэгтэйг сануулсан байна.
Ерөнхийлөгч эр хүн бүр эрүүл, саруул ухаантай, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажилч хичээнгүй байхыг уриалжээ.
“Монгол эр хүн” үндэсний III чуулганаас гаргах уриалга, зөвлөмжийг бодит ажил хэрэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Мөн Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 2026-2030 онд “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
Энэхүү хөдөлгөөн нь хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.
“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Эрүүл монгол хүн“ үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулж байна.
