Монгол Улс жилд 18 сая куб метр гүний усыг хэмнэх хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

2026-03-17 10:301min
20260317-103025-file.jpeg
Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулж, жилд 18 сая куб метр гүний ус хэмнэх боломжтой боллоо. Энэхүү үйлдвэр нь дулааны цахилгаан станцуудад дахин боловсруулсан усыг нийлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах ажил дуусаж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэхүү үйлдвэр нь 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох дэд бүтцийн хамт баригдсан байна. Үйлдвэр өдөрт 50 мянга, жилд 18 сая хүртэлх шоо метр хаягдал усыг авч, дахин боловсруулан дулааны III, IV дүгээр цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлнэ.

Дулааны цахилгаан станц жилд хэрэглэдэг 20-22 сая шоо метр гүний усны ихэнхийг дахин боловсруулсан усаар орлуулах боломж бүрдсэн нь усны нөөцийг хэмнэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан хэлэхдээ, Улаанбаатар хотын унд ахуйд өдөрт 55-64 куб метр ус хэрэглэдэг бол эрчим хүчний салбарт 22 сая шоо метр ус ашиглаж байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор эрчим хүчний салбарт ашиглаж буй усны 85 хувийг дахин боловсруулсан усаар орлуулах боломжтой болжээ.

Үйлдвэрийн технологийн гол процесс нь шинэ цэвэрлэх байгууламжаас ирсэн Монгол Улсын стандартад нийцсэн усыг биологи, химийн аргаар цэвэрлэн халдваргүйжүүлсний дараа дулааны цахилгаан станцуудад нийлүүлэхэд оршино. Төсөлд нийт 4500 гаруй хүн ажиллаж, тэдний 98 хувь нь монгол инженер, техникийн ажилчид байжээ.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн мэдээлснээр, төсөл таван жилийн хугацаанд хэрэгжиж, үндэсний компаниудтай хамтран ажилласан байна. Энэхүү технологи Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 40 орчим хүн хариуцан ажиллах юм. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 90 гаруй ажилчныг Голланд улсад сургасан байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Усны Компактын хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм. Хөтөлбөр нь нийслэлийн ус хангамжийг жилд 50 сая шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой бөгөөд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд усны эх үүсвэрийг шинэчлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж байна.