“Ногоон автобус” хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “ногоон автобус” хэргийг хянан хэлэлцэв. Хуралдаанд нэр бүхий өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг авч үзсэн байна.
Тус хэрэгт Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, мөн БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нар холбогдож байна.
Хэргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хэлэлцсэн юм.
Ж.Сүхбаатар болон бусад 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэрэг”, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглах”, мөн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдсон байна.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар гомдол, эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
