Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох тендерийг долоодугаар сард нээнэ

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлуулжээ.
Тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн байна.
Тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлөөр зохион байгуулж байгаа бөгөөд шалгарсан гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Багц-1-ийн хувьд нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал хариуцах бөгөөд үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
