Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлээ

2026-03-17 07:301min
20260317-073017-file.jpeg
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтарсан Усны Компактын хүрээнд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ үйлдвэр өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг дахин боловсруулан дулааны цахилгаан станцад нийлүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй Усны Компактын гурван үндсэн төслийн нэг болох Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” нээлтээ хийлээ.

Уг үйлдвэрийг 12 километр урт ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан байна.

Энэхүү үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянга, жилд 18 сая хүртэл шоо метр хаягдал усыг авч, дахин боловсруулан Дулааны III, IV дүгээр цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлэх юм.

Ингэснээр дулааны цахилгаан станцын жилд хэрэглэж буй 20-22 сая шоо метр гүний усны ихэнхийг дахин боловсруулсан цэвэр усаар орлуулах боломж бүрдэнэ.