Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2026-03-13 13:301min
20260313-133037-file.jpeg
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хуулийн төсөл нь иргэдийн эрхийг хамгаалж, санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн байранд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Хувийн нэмэлт тэтгэврийн олон улсын туршлага ба хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл” болон “Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх боломж ба сорилтууд” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 135.7 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт 63.4 тэрбум төгрөгийн хуримтлалыг бүрдүүлжээ.

Иргэдийн хувийн тэтгэврийн хуримтлалд оролцох сонирхол нэмэгдэж байгаа ч энэхүү харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс эрх зөрчигдөх эрсдэлтэй байна.

Иймд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг холбогдох талуудын оролцоотой боловсруулсан нь чухал ач холбогдолтой гэж оролцогчид дүгнэсэн.

Хуулийг баталснаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болно.

Мөн даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэх тул санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалаасаа өөрөө сонголт хийж, нэг удаа, 5-10 жилийн хугацаанд болон насан туршдаа тэтгэвэр авах боломжтой юм.

Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан тохиолдолд хуримтлалаа өвлүүлэх боломжтой байна.