Улаанбаатар хотод зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсохыг хязгаарлах шийтгэлийн шар хуудас нааж эхэллээ

2026-03-13 12:301min
20260313-123030-file.jpeg
Нийслэл Улаанбаатар хотод зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр болон удаан хугацаагаар зогсохыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж, зөрчлийг илрүүлэхэд шийтгэлийн шар хуудас нааж, торгууль ногдуулж эхэлсэн байна.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр болон удаан хугацаагаар зогсохыг хязгаарлах дүрмийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор шийтгэлийн шар хуудас нааж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын нэгдүгээр хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Даваасүрэн мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр 2025 оны 239 дүгээр тогтоолоор журамд нэмэлт өөрчлөлт орж, шийтгэлийн шар хуудасны шинэ загвар батлагдсан талаар онцлов. Энэхүү журмын дагуу тээврийн хэрэгслийг хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан хугацаагаар зогссон, явган хүний гарц болон зам талбайг хаасан, нэгдүгээр эгнээг хаасан, орц, гарц таглан бусдын хөдөлгөөнд саад учруулсан зэрэг зөрчлүүдийг алба хаагчид илрүүлэн, зураг, дүрс, техник хэрэгслээр баталгаажуулж E-Police аппликейшн руу илгээж байна.

Зөрчлийн тухай хуулийн дагуу ийм зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх бөгөөд 20 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн уг журмын хүрээнд өдөрт дунджаар 700-800 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч байна.

Шар хуудас наасан тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгууль ногдуулна. Торгуулиа 14 хоногийн дотор сайн дураараа төлбөл 50 хувиар хөнгөлнө. Харин хуулийн хугацаанаас хэтэрч, таван сараас дээш хугацаанд төлөөгүй бол торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг.

Одоогоор илэрч буй зөрчлүүдийн ихэнх нь нэгдүгээр эгнээнд болон явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байрлуулсан явдал байна. Шийтгэлийн шар хуудсыг 2025 оны аравдугаар сараас туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжиж байна.

Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликейшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэдэд торгуулийн 10-20 хувийг урамшуулал болгон олгож эхэлжээ.