Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилээс их, дээд сургуулиудын хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргасан байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын 94.4 хувь нь энэ хугацаанд хичээлээ эхлүүлэх боломжтой гэж үзжээ. Харин Дотоод хэргийн их сургууль сургалтын онцлогийн улмаас боломжгүй гэсэн санал өгсөн байна. Хувийн их, дээд сургуулиудын 70.2 хувь нь аравдугаар сарын 1-нээс хичээл эхлүүлэх боломжтой гэж үзсэн бол 25.5 хувь нь боломжгүй гэж хариулжээ. Боловсролын сайд П.Наранбаяр дээрх судалгаанд үндэслэн ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-аас эхлүүлэх чиглэл өгсөн байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрсдийн онцлогт тохируулан батлан зохион байгуулах эрхтэй юм. Энэхүү зохицуулалт нь цэцэрлэг, дунд, дээд сургуулийн хичээлийг нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг эхчүүдийн санхүү, цаг хугацааны ачааллыг нэмэгдүүлэхээс сэргийлэх, мөн Монгол орны байгаль, цаг уур, уламжлалт ахуй соёлын онцлогт нийцсэн арга хэмжээ гэж үзэж байна. Мөн намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах зэрэг мал аж ахуйд тулгуурласан өрхийн хөдөлмөрийн онцлогийг харгалзан зохистой нөхцөл бүрдүүлэх нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзжээ.
