Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлигын хэргээр шалгуулахаа мэдэгдэв

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан гэж мэдэгдэв.
Тэрээр нүүрсний сонсголыг Б.Энхбаяр удирдсан бөгөөд тухайн үед “Бодь” групп Тавантолгойн нүүрсийг давуу эрхтэйгээр гаргаж, бусад нь Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй байсан гэж тайлбарлав. Нүүрс гадагшаа гарч валют орохгүй байсан тул Б.Энхбаяр нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх ёстой байсан ч энэ нь “Бортээг”-ийн нүүрсний хулгай болж хувирсан гэжээ.
Л.Оюун-Эрдэнэ сонсголын дараа Б.Энхбаяртай уулзаж “Бодь” группийн асуудал Үндэсний Аюулгүй байдалтай холбоотой гэж хэлсэн гэж дурдав. Тэр үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар багтаж байжээ.
Мөн Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган долларын хахууль хоёр гурван удаа авсныг мэдэж, харсан хүмүүс ч байсан гэж мэдэгдэв. Тэрээр энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгөхөө мэдэгдсэн юм.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр уг асуудалд тайлбар хийж, “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан тухай мэдээллийг сонсож байсан бөгөөд хамт байсан хүн нь хэлсэн гэж хариуллаа. Тэрээр тухайн хүний нэрийг хэлээгүй бөгөөд “Бодь” группийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд ярьсан гэж тэмдэглэв.
Мөн “Бодь” групптэй хийсэн зургаан оффтейк гэрээний дөрвийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийсэн бөгөөд “Голомт” банкны Д.Баясгаланг хуулийн байгууллагад шилжүүлсэн нь нотлогдсон гэж мэдэгдэв.
Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг логикгүй, гүтгэлэг хэмээн дүгнэж, шууд нэвтрүүлэгт халз мэтгэлцэхийг санал болголоо.
