Дорнод, Хөвсгөлд улаан бурхны улмаас хоёр хүүхэд нас баржээ

2026-03-12 19:221min
20260312-192228-file.jpeg
2024 оны долоодугаар сараас эхэлсэн улаан бурхны халдварын улмаас Дорнод, Хөвсгөлд хоёр хүүхэд нас барсан бөгөөд нийт 14,326 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтын ихэнх нь нэг нас хүрээгүй хүүхдүүд байна.

Монгол Улсад улаан бурхан өвчний зөөвөрлөгдсөн анхны тохиолдол 2024 оны долоодугаар сард бүртгэгдсэн бөгөөд Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэй халдвар авсан юм. Өчигдрийн байдлаар нийт 14,326 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 4-ний байдлаар улаан бурхны улмаас 13 хүүхэд нас барсан байна.

Түүнээс хойш зургаан хоногийн дотор Дорнод аймагт хоёр сартай нярай, Хөвсгөлд 11 сартай хүүхэд улаан бурхны халдварын улмаас нас баржээ. ХӨСҮТ-ийн эмч Б.Батсүхийн мэдээлснээр, орон нутагт халдвар авсан, биеийн байдал нь хүнд байсан хоёр хүүхэд эндсэн бөгөөд улаан бурхнаас сэргийлэх вакциныг есөн сартайгаас эхлэн хийдэг байна.

Хөвсгөлд нас барсан 11 сартай хүүхэд ханиад томуутай байсан тул вакциндаа хамрагдаж чадаагүй гэжээ. Хэнтий болон Дорнод аймагт улаан бурхны халдварын голомт бүртгэгдсэн бөгөөд нас баралтын 87 хувь нь нэг нас хүрээгүй хүүхдүүд байна.

Улаан бурхан нь хүнд явцтай халдварт өвчин тул нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөдөг. Одоогоор ХӨСҮТ-д 11 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхдийн биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн шинэ тохиолдол батлагдсан бөгөөд үүний тав нь нийслэлд бүртгэгджээ.