Улаанбаатар хотод нөөцийн махны худалдааг тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулна

2026-03-12 09:301min
20260312-093025-file.jpeg
Улаанбаатар хотод нөөцийн үхэр, хонины махыг жижиглэн болон өргөтгөсөн худалдаагаар тавдугаар сарын 31-нийг хүртэл борлуулна. Энэ жил 5,000 тонн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийн мах байна.

Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас эхлэн нөөцийн үхэр, хонины махыг жижиглэнгийн 375 цэгээр болон зарим үед өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна.

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр, гуравдугаар сарын 9-ний байдлаар зах, худалдааны төвүүдэд хонины ястай мах нэг килограмм нь 21,000 төгрөг, үхрийн мах 25,000 төгрөгөөс дээш үнэтэй байгаа нь нөөцийн махны эрэлтийг нэмэгдүүлжээ.

Энэ жил өнгөрсөн жилээс бага хэмжээний мах нөөцөлсөн тул нөөцийн махны үлдэгдэл болон өргөтгөсөн худалдааг цаашид зохион байгуулах эсэх талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас тодруулахад, нөөцийн махны жижиглэн болон өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 31-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн гэв.

Өргөтгөсөн худалдааг долоо хоногт хоёр өдөр зохион байгуулах бөгөөд жижиглэнгийн худалдаа хүнсний дэлгүүрүүдэд өдөр бүр явагдаж байна. Нөөцийн махны үлдэгдэл хангалттай байгаа бөгөөд худалдааны махны үнэ өндөр, хомсдолтой холбоотойгоор нөөцийн махны борлуулалт сайн байна.

Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааны хуваарийг маргааш гаргах бөгөөд махыг ченжүүдэд бус зорилтот хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой байна.

Нөөцийн махны жижиглэнгийн 375 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000 төгрөг, хонины мах 13,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил есөн аж ахуйн нэгж нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах байна. Харин өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр борлуулж байна.

Өнгөрсөн жил 8,713 тонн махыг нөөцөлж, худалдаанд гаргаж байжээ.