Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн эсрэг хууль өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд уг хуулийн төслийг дагалдуулан баригдаж дуусаагүй барилгын эрхийн бүртгэлийн асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү хуулийн төсөл нь орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх зорилготой юм. Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр улам нарийсаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчид холбогдох 15.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 94 гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдсэн байна.
Иймд хууль эрх зүйн өөрчлөлт яаралтай хийж, барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтайгаар кадастр болон улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв, нийтэд ил тод байх нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төсөлд тусгалаа.
Хуулийн төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.
Мөн тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болно. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн төлөөлөл өргөнөөр оролцохыг уриалж байна.
