Гамшигт өртсөн малчны ар гэрт 37 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

Засгийн газраас гамшигт өртөж амь насаа алдсан малчны ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцон 37 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох журмыг баталлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам” батлагдлаа.
Уг журмын дагуу гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин, туслах малчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцон, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.
Тусламжийн зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан бөгөөд журмын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт даалгасан байна.
