Засгийн газар ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тогтоол баталжээ

2026 оны гуравдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол батлагдлаа.
“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс 4,000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6 дахин, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн үзүүлэлт юм.
Тогтоолын гол зорилго нь малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын нэмүү өртөг бий болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино.
Тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулахад зориулсан хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортод гаргадаг хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
Мөн Улаанбаатар хотод ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
