Увс аймагт сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайж эсэн мэнд олжээ
2026-03-11 22:001min

Увс аймгийн Давст сумын малчин А нь гэр бүлийн маргааны дараа сураггүй алга болсон ч Онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагаагаар эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн Хүдэн гэдэг газар 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуудаа гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явган гарч сураггүй алга болсон байна. Тус айл нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т байрладаг.
Ар гэрийнхэн нь өөрсдөө хайгаад олж чадаагүй тул 05:46 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна. Давст сумын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсэг, сумын Мэргэжлийн ангийнхан хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ ажиллагааны үр дүнд 54 настай эмэгтэйг 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т байрлах Шартолгой гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
