Баяннуур суманд хууль бусаар суусар булга агнасан хэргийг илрүүлжээ

2026-03-10 18:301min
20260310-183029-file.jpeg
Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд хууль бусаар суусар булга агнасан иргэнийг торгож, нөхөн төлбөрийг хуулийн дагуу гаргуулсан талаар цагдаагийн байгууллага мэдээлэв.

Цагдаагийн байгууллагаас Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Цамбагарав уулын байгалийн цогцолбор” улсын тусгай хамгаалалттай газар нутагт тус сумын иргэн Т.Х нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Суусар булга” агнасан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Иргэн Т.Х-г яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор “Суусар булга”-гийн экологи-эдийн засгийн үнэлгээ 945,000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлж хохирлыг нөхөн төлүүлжээ.

Цагдаагийн байгууллага иргэдэд хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.