16 хүртэлх насны хүүхдийн цахим орчны оролцоог хязгаарлах хуулийн төсөл боловсруулна

Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж буй ноцтой бичлэгүүд цацагдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлт буюу хүүхдүүд хоорондын дарамтын асуудал боловсролын салбарт хурцаар яригдаж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд аюулгүй цахим орчны бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн гэв.
Мөн хүүхдийн цахим орчны оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа бөгөөд эдгээр хуулийн төслүүд нь үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх үндсэн арга хэмжээ болохыг онцлов.
Тэрбээр, өнөө үед хүүхдүүдийн хоорондын дарамт, доромжлол цахим орчинд илүү өрнөх болсон тул 16 нас хүрээгүй хүүхдийн нийгмийн сүлжээнд нэвтрэх, ашиглах эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгааг дурдав.
2024 оны арваннэгдүгээр сард Австрали улс энэ асуудлаар хуулийн санаачилга гаргасан бөгөөд бусад орнууд ч мөн судалж, хэрэгжүүлэхэд анхаарч эхэлжээ.
Судалгаагаар, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 90 хувь нь энэ тухайгаа эцэг, эхдээ хэлдэггүй бол эцэг, эхчүүдийн 60 орчим хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаггүй гэсэн дүн гарсан байна.
