Монголын өсвөрийн жүдо бөхчүүд Европын нээлттэй тэмцээнээс 5 медаль хүртэв

Туркийн Анталия хотод өчигдөр өндөрлөсөн жүдо бөхийн өсвөрийн тамирчдын дэлхийн чансааны оноо олгох Европын нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор 20 гаруй тамирчин оролцлоо.
Тэмцээнд манай тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Охидын 44 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан мөнгөн медаль авсан бол хөвгүүдийн 73 кг-д “Виннер” дэвжээний тамирчин Б.Далайцэрэн мөнгөн медаль хүртжээ.
Охидын 52 кг-д “Виннер” дэвжээний тамирчин Л.Саяжаргал хүрэл медаль, хөвгүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Таванхан” дэвжээний бөх М.Энхбилэг хүрэл медаль авсан байна.
Мөн 81 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн бөгөөд охидын 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ тавдугаар байрт шалгарчээ.
